Type search keyword

Монголын Эзэнт Гүрэний үеэс тархан суурьшсан Монголчуудын өв уламжлал, Монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн дурсгалуудыг харуулсан "Монголын Төлөөх Зүрх Бүхэнд" ном нээлтээ хийлээ

Өлзий буян дэлгэрсэн Сар Шинийн баярын өмнөх энэ өдөр ТАSАМ нэрээр олонд танигдсан Тархан Суурьшсан Монголчууд байгууллага, соёлын өвийг дэмжигч ХасБанктай хамтран Их Монгол Улсын мандал бадралын гайхамшиг, дэлхий даяар тархан суугаа монгол үндэстэн угсаатнуудын аж амьдралын тухай цоо шинэ баримтуудыг дэлгэсэн МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД нэртэй гэрэл зургийн номын нээлтээ хийж, ард түмэндээ дээжийг нь өргөн барилаа.

    Их эзэн богд Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан Улс, Гүрнүүд, Монгол хаадын дэлхийн түүхэнд оруулсан соёл иргэншилийн нээлт, шинэчлэл болон тэртээх зууны их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үдсэн Монголчуудын өнөөдрийн дүр төрх, уламжлан үлдсэн угсаатны онцлог, ахуй амьдрал, зан заншлыг харуулсан энэхүү номыг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлсэн байна.

    Номын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шинжлэх Ухааны Академиийн хүрээлэнгүүдийн Захиралууд, эрдэмтэн судлаачид, доктор профессорууд, дэмжигч байгууллагуудын удирдлагууд зэрэг хүндэт зочид оролцсон юм.

   “Монголын Төлөөх Зүрх Бүхэнд” гэрэл зургийн номыг ХасБанкны дэмжлэгтэйгээр Кирилл үсэг, Монгол бичиг болон Англи орчуулгатай гаргаж байгаа нь уг бүтээлийн үнэ цэнийг улам илүү өргөн хүрээнд хүргэхэд зориулагджээ.

   Уг номонд Соёл судлаач Ц.Санчир, орчуулагч судлаач Б.Цэрэн нарын сүүлийн есөн жилийн хугацаанд хаалттай нийгэм, дотоодын зөрчил мөргөлдөөнтэй газар орнуудыг зорьж явахдаа авсан гучин долоон мянган зурагнаас таван зуу гаруй гэрэл зураг, тайлбар танилцуулгын хамт орсон байна. Дашрамд дурдахад энэхүү номонд Монголын эзэнт гүрний үеийн Ил Хант улсын алдарт дурсгалуудын тухай гурван бүлэг орсон бөгөөд Хүн төрөлхтний соёлын өв Өлзийт Хааны Ордны зурагт баримтууд багтсан нь Монголд анх удаагаа хэвлэгдсэн тохиолдол юм.