Type search keyword

Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэн Хас Төгөлтэй Боллоо

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулан 5 сарын 14ны өдөр ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн охин компаниудын ажиллагсад Баянгол Дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт бүтээн байгуулагдаж буй Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэнд мод, бут суулгах, цэцэрлэгжүүлэх, орчныг тохижуулах ажлыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

“Хас Төгөл” нэртэй энэхүү аянд ХасБанкны Улаанбаатар хот дахь 400 гаруй ажиллагсад оролцож, дан ганц мод гэлтгүй бусад төрлийн бутлаг ургамлыг тус цэцэрлэгт хүрээлэнгийн хөрс, байршилд нийцүүлж, мэргэжлийн заавар зөвлөгөөний дагуу тарьсан юм.
Манай орны хувьд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгээс өөр томоохон цэцэрлэгт хүрээлэн байхгүй бөгөөд Улаанбаатар хотод байгаль цаг уурын таатай орчинг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй цэцэрлэгт хүрээлэнд ийнхүү нэг ч гэсэн албан байгууллага, хамт олны тарьсан мод нь удахгүй өнгө өнгийн цэцгээр алаглаж амралт, зугаалга, чөлөөт цагаа өнгөрөөх мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнг бэлэглэх цаг ойрхон байна.
ХасБанкны хамт олон Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийн төлөө ажиллана гэсэн эрхэм зорилготой ажилладаг нь бусад байгууллагуудаас онцлогтой. Иймдээ ч Банк нь 2008 оноос уг аяныг орон даяар, жилд хоёр удаа явуулдаг болоод байгаа бөгөөд энэ хавар хөдөө орон нутагт шинээр зургаан төгөл байгуулах ажлыг давхар зохион байгуулж нийт 1,200 мод тариад байгаа юм.

Мөн ХасБанк нь 2009 онд МҮХАҮТ-аас  НОГООН БАНК шагналыг хүртэж, түүнээс хойш байгаль орчиндоо ээлтэй бодлогоо улам бүр сайжруулж, энэ чиглэлд хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн нэгэн илрэл нь “Хас Төгөл” аян юм.