
ХасБанк дотоод аудитын үйл ажиллагаандаа олон улсын мэргэжлийн байгууллага болох Дотоод Аудитын Институт (IIA)-ын “Чанарын үйлчилгээ”-г сонгон, олон улсын стандарттай харьцуулан үнэлгээ хийлгэлээ. Үүний үр дүнд ХасБанкны дотоод аудит нь 2024 онд шинэчлэгдэн батлагдсан “Global Internal Audit Standard”-д бүрэн нийцэж буйг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд ийнхүү энэхүү үнэлгээг хийлгэсэн Монголын анхны банк болж байна.
Энэхүү үнэлгээг олон улсын нэр хүндтэй эксперт, Bank of America болон First Citizens Bank зэрэг байгууллагад Ерөнхий Аудитороор ажиллаж байсан Richard H. Lane (CIA, CFSA, CPA, CISA) ахлан гүйцэтгэсэн бөгөөд тэрээр:
“ХасБанкны дотоод аудитын мэргэжлийн ур чадвар дэлхийн жишигт бүрэн нийцэж байгаа нь Монголын банк санхүүгийн салбарын чадавх олон улсын түвшинд хүрснийг илтгэнэ.” гэж онцоллоо.

Түүнчлэн ХасБанк зөвхөн үнэлгээ хийлгээд зогсохгүй, дотоод аудитын үйл ажиллагаандаа шинэлэг аргачлал, датад суурилсан шийдлийг тогтмол нутагшуулж байна. Тухайлбал:
-2014 онд эрсдэлд суурилсан аудитын аргачлалыг анхлан нэвтрүүлсэн
-2020 оноос үргэлжилсэн аудитын аргачлалд үе шаттай шилжсэн
-Дата шинжилгээг ашиглан эрсдэлүүдийг цаг алдалгүй илрүүлж, шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлсэн.