
“ХасБанк”-ны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавтай Банкны реформын үр дүн, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай болон “ХасБанк”-ны сүүлийн үеийн томоохон үйл явдлуудын талаар ярилцлаа.
- Банкны реформ төгөлдөр утгаараа хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Зөв бурууг цэгнэх, ажиглах, тодорхой үр дүнгүүд харагдаж эхлэх хугацаа болсон болов уу гэж бодож байна.
- 2021 онд гараанаас гарсан Банкны реформын хамгийн чухал хоёр агуулгын тухай ярих хэрэг гарах нь. Эхнийх нь системийн нөлөө бүхий таван банк IPO хийж, хувьцаат компани болсноор Монголын хөрөнгийн зах зээлийн томоохон хувийг эзлэх боллоо. Үүнийг амжилттай хэрэгжсэн, сайн жишиг боллоо гэж үзэж байна.
Дараачийнх нь, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байх тухай заалт. Үүнээс үүдээд хуулийн заалтын хэрэгжих хугацааг нэг удаа хойшлуулсан, энэ янзаараа дахиад хойшлуулах шинжтэй. Шалтгаан нь банкнууд 20%-ийн лимитдээ хүрч чадах эсэхээс илүүтэйгээр яг одоо эдийн засгийн нөхцөл байдал, банкны системийн онцлог, гадаад дотоод хөрөнгө оруулагч нарын боломжоос үүдэн бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болчихлоо.
Ингээд үзэхээр банкны реформын хоёр гол хүчин зүйлийн нэг нь амжилттай хэрэгжээд, нөгөө нь бодит байдлаас хол заалт байсан нь харагдлаа гэж үзэж болохоор байна.
- Бодит байдлаас хол заалт байсан гэдгийг та дэлгэрүүлж яривал?
- Банкны систем өөрөө их том. Одоо жишээ нь тухайн банкны нийт хувьцааны 80-90 хувь нь нэг хувьцаа эзэмшигчид төвлөрчихсөн байгаа тохиолдолд хуулиараа дахин 3-4 хувьцаа эзэмшигч олох хэрэг гарна. Гэтэл банкны хувьцаа эзэмшигчдэд тавих шалгуурууд маш өндөр байдаг. Зөвхөн өнөөдөр хөрөнгөтэй байхаас гадна ирээдүйд банкны шаардлагатай хөрөнгийг нэмэх чадамжтай байх ёстой. Их том дүнгийн тухай ярих болно.
Өдгөө Монголд 12 арилжааны банк байгаагаас ХасБанк ганцаараа дээрх шаардлагыг биелүүлчхээд байна. Хуулиараа 5-аас илүү хувийн хувьцаа эзэмшдэг бол нэгээс дээш банканд хөрөнгө оруулж болохгүй гэхээр хамгийн энгийн математик тооцоогоор багадаа 33 хувьцаа эзэмшигч Монголд оруулж ирэх шаардлага үүснэ. Энэ нь бараг боломжгүй зүйл болчхоод байна л даа.
Хоёрт, 20 хувь хүртэл хувьцаа эзэмшээд, их хэмжээний хөрөнгө оруулсан юм чинь бодлого, зорилтыг тодорхойлох, банкны засаглалыг удирдахад оролцох нь зайлшгүй чухал болж ирнэ. Гэтэл энэ хуулиар 20 хувийн хувьцаа эзэмшчихээд банкны засаглал, бодлого тодорхойлоход бүрэн хэмжээнд оролцох боломжгүй, хязгаарлагдмал болчхоод байна. Ийм учраас сүүлийн үед дээрх хувийг 34 хувь хүртэл өсгөе, эсвэл бүр 50+1 болгоё гэж ярих боллоо. Хувийг өсгөе гэдгийн гол санаа нь Компанийн тухай хуультай холбоотой. Засаглалын үүднээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах заалтууд бий. Жишээ нь, 34 хувь байхын нэг давуу тал нь зарим асуудал дээр татгалзах эрхтэй (blocking minority) болж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, буруу шийдвэр, үйл ажиллагааг зогсоох хүртэл хуулийн боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр Банкны тухай хуулийн 36.1 гэх заалт өөрчлөгдөх шаардлагатай гэж харж байна.
- Гаднын томоохон хөрөнгө оруулагчид Монголын банкнуудын хувьцааг сонирхоход ямар саад, сул талууд байна вэ?
- Банканд хөрөнгө оруулах боломжтой хоёр төрлийн сонирхогч тал бий. Нэг нь цэвэр хөрөнгө оруулагч буюу тодорхой хэмжээний хөрөнгөө оруулаад үүнээсээ ногдол ашгийн өгөөж болон хувьцааны үнийн өсөлтөөс өгөөж харж байгаа хэсэг.
Нөгөө нь өөрсдийнхөө газар зүй, зах зээлийг тэлэх байдлаар орж ирэх гадаадын банкнууд. Тэд зөвхөн Монгол гэлтгүй, тухайн улс орны эрсдэл, макро эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, инфляц, ханш зэрэг мөнгөний үнэ цэнд шууд нөлөөтэй хүчин зүйлсийг хамгийн түрүүнд хардаг. Үүний дараа банкнуудыг нь тухайлан судална. Энэ банк хэр ашигтай ажиллах вэ, зах зээл дээр ямар эерэг нөлөөтэй вэ, боломж, сул тал нь юу вэ, менежмент, гүйцэтгэх удирдлагын багийг нь судлаад явна. Гүйцэтгэх удирдлагын багийн тухайд Монголын аль ч банк гологдохгүй, асуудал гарахгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайд ч мөн адил. Монголын банкнууд олон жил тогтвортой ажилласан, Төв банкны хяналт ихтэй болохоор засаглал, ил тод байдал маш сайн. Сүүлийн үед БОНЗ-ын тайлангаа бүгд ил тод гаргаж байгаа. Нээлттэй компаниуд болсон учраас улирал болгон санхүүгийн тайлангаа гаргаад, захирлууд нь урдаа гараад чөлөөтэй хэлэлцүүлэг өрнүүлээд ярьж чаддаг. Ер нь банк шиг ил тод салбар Монголд байхгүй гэвэл буруудахгүй байх. Энэ утгаараа банкнууд гаднын хөрөнгө оруулагчдын тавих шаардлагад бүрэн нийцэх хэдий ч Монгол Улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал болоод ирэхээр хүнд болчхоод байна л даа. Инфляц ийм өндөр байхад ямар ч хөрөнгө оруулагч манайхыг сонирхохгүй. Үүн дээр улс төр, эдийн засгийн нөхцөл нэмэгдэхээр нуруугаа харуулчхаж байгаа хэрэг.
Уул уурхай түшиглэсэн, хэрэглээн дээр суурилсан эдийн засагтай Монголын ДНБ жилдээ 5-7 хувиар л өсөх боломжтой гэдэгтэй гаднынхан мэргэжлийн үүднээс хараад ерөнхийдөө эвлэрчихсэн. Харин хууль эрх зүйн орчин, улстөрчдийн гаргаж байгаа мэдэгдлүүдээс үүдээд Монголыг гадаадын хөрөнгө оруулалтын талаас их эрсдэлтэй гэж дүгнэж байгаа.
Хууль нь маш хурдан, тэгэхдээ нэг туйлаас нөгөө туйл руу экстрим байдлаар өөрчлөгддөг. Үе шаттай өөрчлөлтүүдийг бол удирдаж, тооцоолж чадна. Харин гэнэтийн том том өөрчлөлтүүдийг таамаглах боломжгүй, том эрсдэлүүдийг удирдахад илүү төвөгтэй болж ирнэ. Аль нэг УИХ-ын гишүүн өглөө босоод л банкны салбарыг савлуулах бодлогогүй мэдэгдэл хийчихнэ. ОУВС-ийн хөтөлбөрт орох гэж байна, төрийн данс улайчихлаа энэ тэр гээд л…Валютын нөөц дууслаа, ДНБ-ий статистик худлаа гээд хариуцлагагүй үгс чулуудна. Энэ болгоныг нь гаднын шинжээчид сонсоод, тайлан бичээд сууж байгаа шүү дээ. Тиймээс улс төр хийхдээ ч улсаа боддог байхгүй бол салбар, салбартаа хүнд нөхцөлд орж байна шүү гэдгээ ойлгох хэрэгтэй байна.
- Таны түрүүн хэлсэнчлэн 20 хувийн хязгаарт өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ бий болжээ, тийм үү?
- Би хувьдаа ямарваа нэгэн хязгаарт итгэдэггүй буюу хүний өмчид хязгаар байж болохгүй гэж үздэг хүн. Компани заавал хуулийн тулгалт, хязгаарлалтгүйгээр өөрсдийн засаглал, стратегийнхаа хүрээнд хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг бууруулах бүрэн боломжтой шүү дээ. Нэгэнт хуульдаа оруулчихсан учраас асуудлууд ийнхүү урган гарч ирж байгааг дээр тайлбарлалаа. Сул талтай хуулийг яаж сайжруулах вэ гэдэг өнцгөөс харвал хамгийн түрүүнд хязгаарыг л өөрчлөх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүднээсээ 34 хувь болгоод, blocking minority боломжийг нь олгоод, бүр цаашлаад 50+1 байвал бүр л сайн. Банкнууд өөрсдөө үйл ажиллагаагаа зохицуулаад явбал зүгээр.
Хоёрт, дэлхий даяар хувьцаа эзэмшигчдийн зохицуулалт эцсийн өмчлөгчийн суурь дээр явдаг. Гэтэл манай хуульд эцсийн өмчлөгч гэдэг нь ороогүй, шууд тус банкин дээр гэж байдаг болохоор толгой компани байх боломжгүй болчихсон. Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болсон манай банкнууд гадагшаа гаръя, dual listing буюу давхар бүртгэлтэй болъё гэхэд энэ хууль боломжийг нь хаачихсан байгаа. Манай банкнуудад ийм мөрөөдөл, төлөвлөгөө, амбиц уг нь бий.
Сонгодог утгаараа давхар бүртгэлтэй болъё гэвэл тухайн улс оронд санхүүгийн толгой компаниа байгуулаад банкаа эзэмшээд явна гэсэн үг л дээ. Одоо бол 34 хувь байсан ч, 50+ байсан ч энэ боломжгүй болчхоод байгаа. Тийм учраас эцсийн өмчлөгч дээр хязгаарыг нь тавиад, нөхцөлүүдийг нь тодорхой болгоод, санхүүгийн толгой компани нь ийм ийм төрлийн санхүүгийн чиглэлийн компаниудтай байхыг зөвшөөрнө гээд хуульчлах хэрэгтэй гэж хардаг. Ингээд гарцыг нь нээгээд, Монголын банкнууд давхар бүртгэлтэй болчихвол гадаадын хөрөнгө оруулалт татах маш том үүд нээгдэнэ.
Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн хөрвөх чадвар, системийг харахад гадаадын хөрөнгө оруулагч нар ороод ирлээ гэхэд гарах боломжгүй байгаа нь бас нэг асуудал. Тэд хөрөнгө оруулсан бол хэзээ нэгэн цагт өгөөжөө хүртээд гарах боломж нь үргэлж нээлттэй байх ёстой. Тэгэхээр ирээдүйд Монголын банкнууд гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй байж л энэ боломж нь нээгдэнэ.
- ХасБанк нэг хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан, хуулийн хугацааны нэг жилийн өмнө амжуулсан цорын ганц банк болжээ. Энэ үйл явц хэрхэн өрнөсөн бэ?
- Бид энэ хүрээнд Монголд өмнө нь хийж байгаагүй, толгой компанийн бүтцийн томоохон өөрчлөлт хийсэн. “Тэнгэр санхүүгийн нэгдэл” дотроо “ХасБанк”, “ХасЛизинг”, “Тэнгэр даатгал” гэхчлэн компаниудаа багтаагаад явж ирсэн. Манай толгой компанийн гол онцлог нь зөвхөн санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэгт байсан л даа. Нэр нь хүртэл “Тэнгэр”, хоёр дахь утга нь “Ten-ger” буюу санхүүгийн чиглэлээр ажилладаг 10 компанитай байна гэж анх үүссэн түүхтэй. Энэ зорилгынхоо хүрээнд харьцангуй амжилттай явж ирсэн гэж боддог.
Харин Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар толгой компани байх боломжгүй болсон. Тэгэхээр “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-д байсан хувьцаа эзэмшигч нарыгаа яаж “ХасБанк”-ны шууд хувьцаа эзэмшигч болгох вэ гэдэг “хялбар” гэрийн даалгавар ирсэн. Үнэн хэрэгтээ сонсогдож байгаа шигээ тийм хялбар байгаагүй.
Монголын Компанийн тухай хууль 1990-ээд оны эхээр бий болсон. Толгой компани гэдэг ойлголт бараг байхгүй шахам үед гарсан хууль учраас янз бүрийн бүтцийн өөрчлөлт хийх боломжууд нь хязгаарлагдмал. Тийм учраас бид гадаад, дотоод зөвлөхүүдтэйгээ ярилцаад Тэнгэр санхүүгийн нэгдлийг байхгүй болгоод, ХасБанк нь тусгай зөвшөөрөлтэй болохоор банкаараа үлдэх нь хамгийн зөв арга гэдэг шийдэлд хүрсэн. Ингэхийн тулд бүх охин компаниа борлуулахыг нь борлуулаад, татан буулгахыг нь буулгаад, банктайгаа нэгтгэхийг нь нэгтгээд явсан. 2021 онд хууль батлагдмагц “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-дээ бүтцийн өөрчлөлт хийж явсаар байгаад өнгөрсөн наймдугаар сард амжилттай дууслаа.
Нэг талдаа “ХасБанк” хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагыг бүрэн хангаж, хуулийн заалтыг биелүүлсэн гэж харагдаж байгаа ч санхүүгийн салбарын хувьд хойшоо ухарсан үйлдэл боллоо гэж үзэж байна.
Санхүүгийн зах зээл нь сайн хөгжсөн улс орнуудын хөгжлийн гол цөм нь санхүүгийн толгой компаниуд л байдаг. Төрөлжсөн санхүүгийн компаниуд нь дотроо мэдлэгээ хуваалцана, хүний нөөцөө сэлгэнэ гэдгээс эхлээд давуу тал олон. Хөрөнгө оруулалтын талаас харахад ч төрөлжсөн компаниудтай толгой компанид хөрөнгө оруулахад эрсдэл нь бага байна. Орлогын олон сувагтай, нэг нь доголдоход нөгөөх нь нөхөөд, эрсдэлээ хуваалцах боломжтой гэсэн үг. Одоо зөвхөн банк гэхээр эрсдэл нь төвлөрчхөж байна л даа.
Энэ утгаараа би банк холдинг буюу банкийг толгой компани болгоод дороо зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг охин компаниудтай байхыг дэмждэг юм.

- Санхүүгийн холдинг компаниуд байх хэрэгтэй гэдэг тухай Та банкны реформ эхлэх үеэс л хэлж ирснийг санаж байна. Яг энэ асуудал дээр бусад банк хэр нэгдмэл ойлголцолтой байгаа вэ. Санал хүсэлтээ нэгтгэн илэрхийлээд, буцаад санхүүгийн холдинг компани байж болох боломж бий гэж Та харж байна уу?
- Энэ саналыг бид илэрхийлсээр байгаа. Бусад банкнууд ч үүн дээр ижил саналтай байгаа гэж бодож байна. Яг өнөөдрийн нөхцөлд банкны реформын хүрээнд нэгэн зэрэг олон шинэчлэл хийхэд хэцүү байгааг ойлгож байна. Нэгэн зэрэг олон том өөрчлөлтийг зүтгүүлэхээр хууль өргөн барихад ч, батлахад ч хэцүү байлгүй. Энэ бол хөгжиж байгаа эдийн засгийн туулах ёстой зовлон байх. Аливаа томоохон шинэчлэл мэдээж цаг хугацаа шаардана. Алдаж үзнэ, түүнээсээ сургамж аваад засаж сайжруулаад явна. Жишээ нь, дээрх эрсдэлүүдийг, ялангуяа хүчээр хязгаар тогтоох, толгой компанийг байхгүй болгох зэрэг нь санхүүгийн салбарын ухралт шүү гэдгийг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нь урьдчилж хэлж байсан. Тэр үед сануулж байсныг айлган, сүрдүүлж байна гэж харсан ч байж магадгүй. Одоо хууль хэрэгжээд, асуудал нь бодитоор тулгараад ирэхээр дараа дараачийн шийдвэрээ арай өөрөөр гаргах болов уу.
- Гэхдээ энэ зуур цаг хугацаа, боломж алдсан гэж Та харж байна уу?
- Том зургаараа харвал сүйдтэй их зүйл алдаагүй байх гэж хэлнэ. Бид хөгжлийн үе шатаараа л явж байна. Банкны реформын хүрээнд хийсэн хоёр том ажлын нэг нь зөв зүйтэй байжээ, нөгөө нь алдаатай шийдвэр байлаа гэхээр 50 хувийн амжилттай процесс болж өнгөрлөө. Алдаагаа засаад ахиад 50/50 хувийн амжилттай цааш үргэлжиллээ гэвэл нийт утгаараа банкны салбарын хөгжил 75 хувь дээшилсэн болж таарна даа. Энэ практик утгаараа бол муу зүйл гэж харахгүй байгаа юм.
Нөгөө талаас авч үзвэл, хэрэв давхар бүртгэлийн (dual listing) боломж нээлттэй байсан ч, өнгөрсөн гурван жилийн хугацаанд аль ч банк давхар бүртгэлтэй болох боломжгүй байсан. Макро эдийн засгийн орчин, ковидын дараах сэргэлт, геополитикийн нөхцөл, Америкийн худалдааны дайны нөлөө гээд давхар бүртгэл хийхэд тийм ч таатай үе байгаагүй. Иймээс цаг хугацаа болон боломж алдсан айхтар зүйл байхгүй.
- “ХасБанк”-ны хувьцааны ханш тогтвортой, өсөлттэй явааг харлаа. Нэг хувьцааны үнэ өдгөө бараг 900 төгрөг дөхсөн байна. Энэ өсөлтөд юу нөлөөлсөн гэж та харж байна вэ?
- Нэгэнт нээлттэй компани болсон учраас хувьцаагаа хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц хэмжээнд байлгахын тулд олон зүйл хийж байгаа. Юун түрүүнд мэдээллээ ил тод, нээлттэй өгөхийг чухалчлан үздэг. Манай банкны захирлууд, мэргэжлийн шинжээч нартай хамтраад улирал болгон бүхий л сувгаа оролцуулан вебинар зохион байгуулж, танилцуулгаа хийгээд, асуултуудад хариулаад нээлттэй явдаг. Банкны стратеги, хувьцааны ханш, ашигт ажиллагаа, зээлийн чанар, эдийн засаг гээд өргөн сэдвээр ярьдаг. Ингээд нээлттэй харилцаад эхлэхээр тухайн хүн “ХасБанк”-нд хөрөнгө оруулах уу, үгүй юу гэдгээ шийдэхэд нь мэдээллээр бүрэн хангаж, сэдэлжүүлж байгаа хэрэг.
Дараагийн нэг чухал зүйл бол, бид жилдээ 2 удаа ноогдол ашиг тараадаг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй цөөхөн компанийн нэг. Арилжааны банкнууд дундаас жилд 2 удаа ноогдол ашиг тараадаг цорын ганц банк манайх. Бидэнд хөрөнгө оруулалт хийвэл өгөөжийг нь ойрхон давтамжтай авах боломжийг олгож байна.
Мөн бид дэлхийн томоохон компаниудын жишгээр хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил гаруй болж байна. Энэ нь ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдэд шаардлагатай үедээ хувьцаагаа зарах боломжийг нээлттэй байлгах зорилготой. Монголын хөрөнгийн биржийн багтаамж бусад улсуудтай харьцуулахад харьцангуй жижиг, хөрөнгийн зах зээлийн оролцогчдын тоо цөөн манайх шиг улсад ийм хөтөлбөр зайлшгүй хэрэгцээтэй тул бид онцгой ач холбогдол өгч хэрэгжүүлж байна.
- “ХасБанк” нийтдээ 11 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчтэй гэх мэдээлэл харлаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр ямар бодлого баримталж байна вэ. Их олон удаа ээлжит бус хурал зарлаж байгаа харагддаг.
- Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаагаа эзэмших болон зарах, ногдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд орж саналаа өгөх, компанийнхаа тухай нээлттэй мэдээллүүдийг авах гэсэн чухал эрхүүд бий. Эдгээрийг манай банк хуулийн дагуу боломжуудыг нь бүрэн олгоод, ээлжит бус хурлуудаа зарлаад, хувьцаа эзэмшигчид оролцох нөхцөлийг нь бүрэн хангаад, биеэр ирэх боломжгүй бол апп-аар дамжуулан саналыг авах зэргээр шийдээд явж байна. Яагаад ийм олон ээлжит бус хурал зарладаг вэ гэвэл “ХасБанк”-ны дүрэм дээр стратегийн асуудлуудыг хувьцаа эзэмшигчид шийднэ гэж оруулсан. Стратегийн асуудлууд гэхээр “банкны дүрэмд өөрчлөлт оруулах, ноогдол ашиг тараах тухайд хувьцаа эзэмшигчид эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн 2 заалт бий. Энэ оны хувьд бид компанийнхаа дүрэмдээ болон ноогдол ашгийн бодлогодоо өөрчлөлт оруулснаас гадна ногдол ашиг тараах тухайд хувьцаа эзэмшигчдийнхээ саналыг аваад байна.
Манайхны дунд жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хараат бус гишүүн хамгаална гэх засаглалын бодлогын өрөөсгөл бодол яваад байдаг. Харин ХасБанкны хувьд ТУЗ-ийн бүх гишүүн, өөрөөр хэлбэл хараат бус ч бай, хувьцаа эзэмшигчээс томилогдсон ч бай бүх хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. ТУЗ дээр шийдвэр гаргахдаа 1 хувьцаатай байна уу, 1 сая хувьцаатай байна уу ялгаагүй бүх хувьцаа эзэмшигчийг адилхан авч үздэг. Энэ нь манай банкны засаглалын бас нэгэн үндсэн давуу тал юм.
- Нээлттэй зах зээлд гаргасан хувьцаанаас тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авах энэ удаагийн хөтөлбөр хэзээ хүртэл үргэлжлэхээр байгаа вэ?
- Бид Монголбанкнаас зөвшөөрөл аваад, үүнийхээ дагуу олон нийтэд нээлттэй мэдэгдээд явж байгаа. Энэ хөтөлбөр маань 2026 оны зургаадугаар сарын 7-ныг дуустал үргэлжилнэ. Эргүүлэн худалдан авах үнэ 980 төгрөг хүртэл гэж байгаа. Хөтөлбөр дуусахаас өмнө бид ТУЗ-дөө санал оруулаад, тухайн бүрд нь шийдвэр гаргаад явна.
- Ирэх онд “ХасБанк”-ны 25 жилийн ой тохиох гэж байна. Гүйцэтгэх захирлын хувиар сүүлийн 7 жилийн түүх нь тантай холбогдох нь. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлнэ гэж зорьсон зүйлсийнхээ үр дүнг том зургаар та хэрхэн харж байна вэ?
- Стратегийн хувьд бид эрсдэлээ маш сайн удирдсан, ашигтай өсөлтийг хийе л гэж зорьсон. Ингэхийн тулд бид Хасчууддаа буюу банкны ажилчдадаа анхаарал хандуулах ёстой, харилцагчдадаа анхаарал хандуулах ёстой, хувьцаа эзэмшигчдээ анхаарал хандуулах ёстой. Энэ гурван стратегийн том багана дээрээ суурилаад бүх үйл ажиллагаагаа зохион байгуулна гэж зорьсон.
Хувьцааны үнэ сайн, банк нь ашигтай, нэр хүнд сайтай, ноогдол ашиг тараадаг байвал хувьцаа эзэмшигчдийн хувьд хамгийн гол шаардлагыг хангаж байна гэсэн үг.
Хасчуудын тухайд гэвэл ажиллагсдадаа зориулсан цалин урамшууллын, ялангуяа гүйцэтгэл дээр суурилсан урамшууллын бодлого баримталж байна. Мөн сүүлийн нэг жил ажиллах цагийн хуваарийн хувьд өглөө хамгийн эртдээ 07.00, хамгийн оройдоо 10.00 цагт ирээд 7 цаг ажиллах боломжтой уян хатан сонголтыг санал болгож эхэлсэн. “Сайн сайхан оршихуй” хөтөлбөр маань бас байна. Одоо манай төв албаны ажилчид бүгд laptop-той, шаардлагатай бол гэрээсээ ажиллах боломж нь нээлттэй болсноор ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.
Мөн банкны томилгооны 95 орчим хувь нь дотроосоо сонгогддог. Мэргэжилтнүүдээ дотроосоо шатлан бэлдэж, гаднаас хүн авчрахаас илүүтэй залуучуудаа дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлдэг. Сүүлийн үед ажлаасаа гарсан хүмүүс эргээд “ХасБанк”-ндаа орох тохиолдол их боллоо. Энэ нь бас байгууллагын орчин, Хасын соёл, хөгжлийн боломжийг илтгэж байна гэж харж байна. Эдгээр стратегийн зорилтуудаа нэг удаагийн шинжтэй бус, байнга сайжруулан хөгжүүлж явахыг эрхэмлэдэг.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд харилцагчдадаа банкныхаа үйлчилгээг амар, хялбар түвэггүй үзүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн, зээлийн нөхцөлөө уян хатан байлгаж, банкаа нэр хүндтэй, сайн засаглалтай байлгах стратегийн хүрээнд бид банкаа удирдлаа. Гүйцэтгэх удирдлагын баг, 1300 гаруй Хасчууд нэг зорилго, нэг баг болж ажилласны хүчинд бид өнөөдрийн энэ том амжилтад хүрээд байна.
- “Зөв банк-ХасБанк” гэх чихэнд хоногшсон уриа үгээ эргээд ашиглахаар болсон тухай сонссон юм байна.
- Тийм ээ. Өмнөх зөв зүйтэй, сайн ажлууд үргэлжлүүлээд сайжруулаад явах хэрэгтэй гэдэг талыг би барьдаг. Шинэ удирдлага ирэхээрээ нэг бол өмнөх бүх зүйлсийг орвонгоор нь эргүүлж, бүгдийг шинээр хийнэ гэдэг нэг арга барил бий. Харин нөгөө нь эерэг талаас нь харж, сайн зүйл нь юу юм, сайжруулах асуудал нь аль вэ гэдгийг харах өнцөг.
Энэ талаас нь харахад манай банк үнэхээр сайн суурьтай байсан. Гүйцэтгэх захирал болохын өмнө “ХасБанк”-ны стратегид юу өөрчлөх вэ гэдэг саналаа товч танилцуулаарай гэхэд би банкны суурийг нь харвал 80 хувь нь бат бөх байна, 20 хувийг нь өөрчлөх сайжруулах хэрэгтэй. Энэ 20 хувийг өөрчилснөөр 80 хувийн сайн үр дүнд авчрах боломжтой гэдэг эерэг талаас нь харж төлөвлөгөөгөө гаргасан. Зарим сайн ажлууд мартагдсан бол эргээд гаргаж ирье гэж бодсон. “Зөв банк-ХасБанк” гэдэг манай философийг оновчтой илэрхийлсэн, хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайн уриа үг. Өмнөх удирдлагууд маань ч их бодож гаргасан гэдэгт эргэлзээгүй. Энэ мэт өмнөх сайн жишиг, зөв дүрэм журмуудаа бид одоо ч ашигладаг.
Түрүүн би эрсдэлээ сайн удирдсан, ашигтай өсөлт хийнэ гэж зорилт тавьсан тухай дурдсан. Тоон дүнгээр илэрхийлбэл, 2019 оноос өмнө “ХасБанк” жилийн 20-24 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан. Бид өмнөх сайн суурин дээрээ түшиглэн шинэ стратегиа гаргаад, харилцагчийнхаа сегментийн илүү тодорхой болгоод, багаараа төлөвлөгөө гарган нягт хамтран ажилласны хүчинд 2024 онд 171 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан байна. Зөв суурин дээрээ түшиглэн ач холбогдол өндөртэй цөөн хэдэн зүйлсдээ төвлөрөөд багаараа ажиллахад 20 хувийн өөрчлөлтөөр 80 хувийн эерэг үзүүлэлт гаргаж чадсан бодит жишээ энэ.
- Энэ оны эхний гурван улирал өнгөрлөө. “ХасБанк”-ны энэ жил хийж хэрэгжүүлсэн болон үйл ажиллагаатай холбоотой онцлох үйл явдлууд, шинэ бүтээгдэхүүнүүд юу байв?
- Мэдээж хамгийн онцлог үйл явдал бол хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20%-аас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан цорын ганц банк болсон нь маш том үйл явдал. Мөн “Залуу бизнес эрхлэгчдэд зориулсан зээл”-ийг зах зээлд гаргаад удаагүй байна. Монголын хүн амын 50 гаруй хувь нь 38-аас доош насны залуучууд байгаа учраас маш хэрэгтэй, амжилттай хэрэгжих төсөл гэж бид харж Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран энэ бүтээгдэхүүнээ гаргасан.
Цахим шилжилт эрчимтэй өрнөж байна. Монголчууд технологид маш хурдан суралцдаг, дижитал хэрэглээ өндөр ард түмэн шүү дээ. Тиймдээ ч бид саяхан “InstaXpay” нэртэй мобайл хэтэвчийг амжилттай нэвтрүүлж, 7–17 насныханд зориулсан “XACTEEN+” аппликэйшнаа мөн танилцуулсан.
Санхүүгийн үйл ажиллагааны хувьд тогтвортой өсөлттэй, өмнөх жилүүдийн адил үр ашигтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Бүтээгдэхүүн
Имэйл