ХасБанкны 2024 эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 85.3 тэрбум төгрөгт хүрлээ
ХасБанк 2024 эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 85.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс +38.3%-р өслөө. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 26.6%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 81.0 төгрөгтэй хаагдлаа.
2024 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
- Зээл ба санхүүгийн түрээсийн багц оны эхнээс 20.8% өсөж 3,323 тэрбум төгрөгт хүрсэн.
- Нийт зээл ба санхүүгийн түрээст эзлэх чанаргүй зээлийн хувь 2.2%-т удирдан ажиллаж байна.
- Харилцах, хадгаламжийн эх үүсвэр оны эхнээс 11.3%-р өсөж 3,200тэрбум төгрөгт хүрсэн байна.
- Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 104.3 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэр шинээр татан төвлөрүүлж, жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.
Тайлант хугацаанд ХасБанк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 18.6% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 38.7% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу ХасБанк бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 38.7% болох 1,883 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.
ХасБанкны 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн байдал болон орлого үр дүнгийн тайлантай ЭНД дарж танилцана уу.