Б.Ананд: Эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүйгээр эдийн засгаа хөгжүүлэх боломж байгаа

( 2017.02.03 )

Уур Амьсгалын Ногоон сан (УАНС)-ийн магадлан итгэмжлэгдсэн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болох ХасБанкны төслийн ахлах мэргэжилтэн Батсүхийн Ананд.

Монгол Улсын тэргүүлэгч банкуудын нэг болох ХасБанк нь 2001 онд байгуулагдсан цагаасаа бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2016 оны эцсээр УАНС-аас 20 сая ам.долларын санхүүжилт авснаар сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих төслүүдийг санхүүжүүлэхээр ажиллаж байна.

2017.02.02 УАНС-ийн БНСУ дахь төв

Уур амьсгалын өөрчлөлтийн тал дээр танай улсад ямар бэрхшээл болон боломжууд байна вэ?

Бидэнд тулгарч байгаа хамгийн хүндрэлтэй асуудал бол ихэнх үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын үеийнх байдаг учир эрчим хүчний зарцуулалтыг хэмжих боломж хомс байдаг. Өөрөөр хэлбэл бид эрчим хүчний зарцуулалтын суурь үзүүлэлтийг тогтоож байж тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсний дараа эрчим хүчний хэмнэлт хэр их гарч байгааг хэмжих боломжтой болно гэсэн үг.

Өөр нэг чухал асуудал нь, олон нийтийн дунд эрчим хүчний хэмнэлт болон ногоон эрчим хүчний талаарх ойлголт дутмаг байгаа явдал. Хүмүүс агаарын бохирдлыг анхаарч байгаа ч, уур амьсгалын өөрчлөлт болон түүний шалтгаан, нөлөөллийн талаар төдийлөн сайн мэдэхгүй хэвээр байна.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжууд байгаа бөгөөд арга хэмжээ авах шаардлагатай байгаа нь тодорхой. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1.5 сая хүн оршин сууж байгаагаас 800 мянга орчим нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр хүмүүс төвийн дулааны сүлжээнд холбогдоогүйгээс түүхий нүүрс, мод, дугуйны хаймар зэрэг хог хаягдал түлж байгаа нь хотын агаарын бохирдол их байх үндсэн шалтгаан болж байна. Харин сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах төдийгүй олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэй юм.

Уур амьсгалын санхүүжилтын ач холбогдлыг тодорхойлбол?

Хамгийн гол ач холбогдол нь агаарын бохирдлыг бууруулж, хүмүүсийн эрүүл мэндийн сайжруулна. Өнөөдөр Монгол Улсад эрүүл мэндээс шалтгаалсан нас баралтын 10% орчим хувь нь уушгины өвчлөлтэй холбоотой байна л даа.

Үүнээс гадна, Монгол Улсад төдийлөн хөгжөөгүй гэж хэлж болох сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний зах зээлийг санхүүжүүлэхэд банк санхүүгийн байгууллага, компаниудыг эдийн засгийн боломжоор хангах юм.

Мөн энэ нь Парисын конвенцийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын хүлээсэн үүрэгт нийцэж байгаа юм. 2020 он гэхэд Монгол Улс нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн байх ёстой.

Бид яг энэ чиглэлээр 2009 оноос ажиллаж байгаа ганц банк. ХасБанкаар дамжин олгогдох уур амьсгалын санхүүжилт нь Монголд үр ашгийг авчрах болно.

Бид энэ зах зээл дээр туршлагатай учраас тэр нь маш том давуу тал болж байна.

Хувийн хэвшилд чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийг хөдөлгөх хамгийн сайн арга зам юу вэ?

Монголд онол ярихаас илүүтэй эрчим хүчний хэмнэлт болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн сайн төслүүдийг хэрэгжүүлж, юу хийж болохыг харуулах хэрэгтэй байна.

Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт боломж их байна. Жилийн 280 өдөрт нартай, мөн говьдоо салхитай байдаг. Уур амьсгалын санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн хөгжлийн шинэ арга зам байж болохыг практикт буулгаж хүмүүст харуулах хэрэгтэй. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаас өөр боломж байгааг харуулах хэрэгтэй байна. Уул уурхайн салбар 2014 оноос эхлэн төдийлөн сайнгүй байгаа.

Хамтын ажиллагааны талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

БИд УАНС-ын санхүүжилтийн хөтөлбөрийн гол хүлээн авагчид болох Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид, ААН-үүдтэй хамтран ажилладаг. Монголын эдийн засгийн ирээдүйн тулгуур, бизнесийн 90%-г авч яваа эдгээр байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.

Уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр яагаад ажиллах болсон бэ?

Би анх 10 настай байхдаа тогтвортой хөгжлийн талаар сонирхож эхэлсэн. Тухайн үед би Америкийн Нью Жерсид амьдарч байсан юм. Нэгэн баримтат кинон дээр ган гачигтай Африкийн тосгоны хүмүүс ухаалаг аргаар хэрхэн усны хэрэглээгээ хэмнэж байгааг үзээд тун сонирхолтой санагдаж байсан юм.

Аав ээжийнхээ хамт таван настайдаа Монголоос явснаас хойш, АНУ, Канад, Хятад улсад амьдарч; Цинхуа Их Сургуульд Бизнесийн Удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан.

Дөрвөн жилийн өмнө эх орондоо ирэхэд, эдийн засгийн тэсрэлт (boom)-ийн үе таарч ажиллах боломж хайсан юм.

Тухайн үед Монголын эдийн засаг дэлхий дээр хамгийн хурдацтай хөгжиж байсан. Гэвч удалгүй нүүрс, алт, зэсийн үнийн бууралтаас үүдэж эдийн засаг муудсан. Хятадын нүүрсний эрэлт буурсан нь ч томоохон нөлөө үзүүлсэн. Тэр үеэс л би хүн ардынхаа эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүйгээр эдийн засгаа хөгжүүлэх боломж байгааг олж харсан. Түүндээ ч итгэсэн. Бид энэ шинэ зах зээлийг бий болгож чадна!

Эх сурвалж: http://www.greenclimate.fund/-/gcf-spotlight-on-xacbank?inheritRedirect=true&redirect=%2Fhome