ХасБанк төлбөрийн картын аюулгүй байдлаа бүрэн хангалаа

( 2017.01.25 )

ХасБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт болох PCI DSS стандартын шаардлагыг бүрэн хангаж, 2017 оны 1-р сарын 15-ны өдөр батламжаа авлаа.

Уг стандартыг нэвтрүүлснээр ХасБанкны төлбөрийн картын систем олон улсын жишигт бүрэн нийцэж, харилцагчийн болон банкны мэдээллийн нууцлал, аюулгүй байдал 100% хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, ХасБанкны төлбөрийн картаар дэлхийн хаана ч АТМ, ПОС төхөөрөмжүүдэд хийгдэж буй гүйлгээ болон бусад гадны банкны картаар ХасБанкны дээрх төхөөрөмжүүдэд хийгдэх гүйлгээг хүлээн авах, дамжуулах, боловсруулах процесс нь олон улсад зөвшөөрөгдсөн стандартын дагуу нууцлал, аюулгүй байдлын өндөр түвшинд явагдах юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо энэ талаар хэлсэн үгэндээ “Уг стандартыг нэвтрүүлснээр ХасБанк зөвхөн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй банкны хэмжээн дэх биет болон биет бус хамгаалалтыг сайжруулан шинэчлэн зохион байгуулсан. Ингэснээр бид гадны аливаа халдлагаас сэргийлэхийн дээр харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэх олон дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болж байна.” хэмээн онцолж байлаа.

Энэхүү стандартыг Visa, MasterCard, American Express, Discover, JCB гэсэн төлбөрийн картын олон улсын хамгийн том брэндүүдийн нэгдэл болох PCI Council байгууллагаас тодорхойлж, хэрэгжүүлдэг бөгөөд ХасБанк үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Монгол Улсын цөөн хэдэн байгууллагын нэг болж байна.

Банк санхүүгийн байгууллагын хувьд мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, түүний найдвартай, хэвийн ажиллагаа тэргүүн зэрэгт тавигддаг. Энэ хүрээнд ХасБанк 2014 онд мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO27001 стандартыг анхлан нэвтрүүлж байсан бол өнгөрсөн онд олон улсын “Uptime institute” байгууллагын TIER II шаардлагыг хангасан дата төвийг шинэчлэн байгуулсан билээ.

Амьдралд – ашид хамтдаа.