ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сангаас 20 сая ам.долларын санхүүжилт авлаа

( 2016.12.19 )

Өнгөрсөн 10-р сард Уур Амьсгалын Ногоон Сангийн (УАНС) Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болсныхоо дараа ХасБанк санхүүжилт хүссэн эхний төслийн материалаа Самоа Улсын нийслэл Апиа хотод 12-р сард болсон УАНС-ийн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан билээ. Тэгвэл УАНС-ийн Удирдах зөвлөлийн 12-р сарын 15-ны хуралдаанаар ХасБанкны хүсэлтийг санал нэгтэйгээр баталлаа. Ингэснээр ХасБанк сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд зориулж 20 сая ам.долларын санхүүжилтийг УАНС-аас авч байна.

Бичил болон жижиг дунд бизнест чиглэсэн уг санхүүжилт нь ХасБанкны 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөрийн цар хүрээг илүү өргөтгөж буйн дээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сэргээгдэх эрчим хүчний зах зээлд оролцогч бүхий л талуудын үйл ажиллагааг дэмжихэд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээлийн тусламжтайгаар  дээрх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байна.

Түүнчлэн, уг хөтөлбөрийн нийт санхүүжилтийн тал хувь нь энэ зах зээлд үйл ажиллагаа явуулдаг болон явуулахыг зорьж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах бөгөөд хөтөлбөрийн үр дүнд найман жилийн хугацаанд 1.2 сая тонн хүлэмжийн хийг бууруулахаар тооцож байна.

Мөн уг хурлын үеэр ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сантай Итгэмжлэлийн Ерөнхий гэрээнд  гарын үсэг зурснаар энэ төрлийн гэрээг уг сантай байгуулсан анхны арилжааны банк болсон юм.

Энэхүү зээлийн хөтөлбөрийн тусламжтайгаар ХасБанк, эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, зардлаа хэмнэх замаар тогтвортой хөгжилд зорьж буй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулах боломжтой болж байна.

Хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг арилгахад ХасБанк идэвх санаачилга гарган ажилласаар байх болно.

Амьдралд – ашид хамтдаа.