ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сантай итгэмжлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

( 2016.12.14 )

Самоа Улсын нийслэл Апиа хот, 2016 оны 12 сарын 14

Монгол Улсын арилжааны банкуудын нэг ХасБанк өнөөдөр Уур амьсгалын ногоон сантай Итгэмжлэлийн Ерөнхий гэрээнд  гарын үсэг зурж, албан ёсны түнш болсноор хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд Ази тивд хөгжлийн нэгэн шинэ зам тавигдлаа.

Гарын үсэг зурах ёслол Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн 15 дахь удаагийн хурлын үеэр болсон бөгөөд ХасБанкны Ерөнхий захирал Амартүвшин тус хуралд хэлсэн үгэндээ “Эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах тогтвортой хөгжлийн шинэлэг арга замуудыг нэвтрүүлснээр үр ашигтай ажиллах боломж Монголын бизнесийн салбарт хангалттай их байна. Уур амьсгалын ногоон сантай итгэмжлэлийн гэрээ байгуулсан энэхүү үйл явдал нь манай банкны Эко бизнесийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээсэн хэрэг боллоо. ХасБанк хэдийгээр ашгийн төлөө байгууллага боловч хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ашиг орлоготой ажиллахад энэ гэрээ гүүр болно.” хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр "Агаарын бохирдлын талаар хангалттай ярьлаа. Одоо хийх цаг ирсэн. Бид Уур Амьсгалын Ногоон Санд элсэж, Итгэмжлэлийн гэрээ байгуулснаар эхний ээлжинд 20 сая ам.долларын санхүүжилтийг ойрын хугацаанд авах боломжтой боллоо. Үүн дээр нэмээд Банкны бусад эх үүсвэрээс 40 сая ам.доллар гаргаж, нийтдээ 60 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг агаарын бохирдлыг буруулахад зарцуулна."гэж мэдэгдлээ.

Харин Уур амьсгалын ногоон санг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан Гүйцэтгэх захирал Жавиер Манзанарес “Хувийн хэвшилд хөрөнгө оруулахыг дэмжих нь Уур амьсгалын ногоон сангийн гол том хөшүүрэг юм.” хэмээн хэлж байлаа.

ХасБанк бичил санхүүгийн салбарт 2001 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд жижиг дунд бизнес болон байгууллагын банкны зах зээлд амжилттай нэвтрэн, үйл ажиллагаагаа өргөтгөснөөр Монгол Улсын системийн хэмжээний банк болон бэхэжжээ.  Мөн Олон Улсын Банк Санхүүгийн салбарт нэр хүндтэй The Banker сэтгүүлээс зохион байгуулдаг оны шилдэг банкуудыг шалгаруулан шагнал гардуулах ёслол 12 сарын эхээр болсон бөгөөд ХасБанкийг 2016 оны Монгол Улсын Шилдэг банкаар тодруулжээ.

ХасБанк 2016 онд Уур амьсгалын ногоон сангаас магадлан итгэмжлэгдсэн хувийн  хэвшлийн үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болоод байсан юм. Ийнхүү Итгэмжлэлийн Ерөнхий Гэрээнд нэгдсэн анхны арилжааны банк боллоо.

Эх сурвалж: http://www.greenclimate.fund/-/mongolia-s-xacbank-signs-accreditation-agreement-as-gcf-partner?inheritRedirect=true&redirect=%2Fhome