I. ХасБанк таны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь ХасБанкны хамгийн чухал үүрэг бөгөөд  таны хувийн болон санхүүгийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангахад бид онцгой анхаарч ажилладаг.

Мөн ХасБанк нь хууль эрх зүйн шаардлагад нийцсэн аюулгүй байдлын бодлого, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг. Энэхүү бодлого, журамд хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй

хандах, өөрчлөх, ашиглахаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг тодорхойлж, мэдээллийн систем, программ хангамж, техник хангамж, баримт бичиг болон бодит орчны аюулгүй байдлыг бүхэлд нь хамруулж авч үздэг.

Та интернет эсвэл мобайл төхөөрөмж ашиглан банкны үйлчилгээг авдаг бол уг үйлчилгээний аюулгүй байдлыг хангах үүднээс бид цахим банкны аюулгүй байдлын зохих баталгааг ашиглан аливаа эрсдэлээс хамгаалсан байдаг.

ХасБанк нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор доорх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Хууль эрх зүйн шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг боловсруулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
  • Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой олон улсын стандарт, шаардлагуудыг судалж, шинэ дэвшилтэт техник, технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг ажилтнуудыг ажиллуулж, тогтмол сургалт семинар, хурал, уулзалтанд хамруулж байна.
  • Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын аудитын байгууллагуудаар тодорхой хугацаанд давтан үйл ажиллагаандаа аудит хийлгэж байна.
  • Олон улсын байгууллагуудаас мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн зөвлөхүүдийг урьж ажиллуулж байна.

II. Харилцагч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Аливаа гэмт хэргийн хамгийн шилдэг илрүүлэгч нь харилцагч та өөрөө юм. Сэжиг бүхий үйлдлүүдэд хяналт тавьж, тухай бүр бидэнд мэдэгдэж байвал та тохиолдож болох эрсдэлийг урьдчилан зогсоох боломжтой.

Интернэт банкаар аюулгүй үйлчлүүлэх нь:

Интернэт банкны үйлчилгээг аюулгүй байлгах үүднээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

  •  Та интернэт банкны үйлчилгээ авахдаа ХасБанкны албан ёсны интернэт банкны сайтад хандсан эсэхээ шалгаж байгаарай. www.e-xacbank.mn хаягийг веб хөтөчдөө бичиж нэвтрэх нь илүү найдвартай.
  •  Та өөрийн интернэт банкинд нэвтрэх нууц үгийг бусад үйлчилгээнд ашиглаж буй нууц үгтэй адилаар үүсгэхгүй байх хэрэгтэй.
  •  Та өөрийн интернэт банкны нууц үгийг тодорхой давтамжтайгаар сольж байх хэрэгтэй. Жишээлбэл: улирал тутам эсвэл 6 сар тутамд сольж болно.  Нууц үгийг үүсгэхдээ та аль болох мартахгүй нууц үгийг сонгох хэрэгтэй.
  •  Та өөрийн нууц үгийг доор заасан шаардлагад нийцсэн байдлаар үүсгэвэл учирч болох эрсдэлийг бууруулахад тустай. Үүнд:

Үсэг болон тоонуудын хослолоос бүрдэх хамгийн багадаа 6 тэмдэгтийн урттай нууц үгийг сонгох

Жишээлбэл: note45s

Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ нэр, төрсөн өдөр, дуртай зүйлс гэх мэт хялбархан таах боломжтой нууц үгийг аль болох сонгохгүй байх.

Жишээлбэл: amaraa

Нууц үгийг хэрэглэгчийн нэр болон цахим шуудангийн хаягийн хэсгийг агуулсан байхаар сонгохгүй байх.

Жишээлбэл: amaraa (энэ нь таны хэрэглэгчийн нэрний хэсэг бол)

  •  Нийтийн хандалтын газраас аль болох интернэт банкны үйлчилгээнд хандахгүй байх.
  •  Зайлшгүй шаардлагаар нийтийн ашигладаг компьютерээс /Жишээлбэл: интернэт кафе/ интернэт банк ашиглахдаа анхаарал болгоомжтой байж хэрэглэгчийн нэр нууц үгийг санах хэсгийг хүчингүй болгох, ашигласны дараа системээс гарсан эсэхээ шалгах ба аль болох хандалтын түүхийг устгаж байх хэрэгтэй.
  •  Интернэт банкинд нэвтрэх бүрт танд өмнөх нэвтрэлтийн өдөр цагийг харуулж байдаг. Иймд та тухайн үед цахим банкиндаа нэвтрээгүй бол зөвшөөрөлгүй нэвтрэлтийг мэдэх боломжтой. Иймд өөрийн өмнөх нэвтрэлтийн мэдээллийг шалгаж, баталгаажуулж байх хэрэгтэй.
  •  Та интернет банкны цахим хуудсанд нэвтрээд үйлдэл хийхгүй удсан тохиолдолд системийн зүгээс таны нэвтрэлтийг автоматаар цуцлана. Дахин ашиглахын тулд та өөрийн хэрэглэгчийн дугаар болон нууц үгээ дахин оруулах шаардлагатай байдаг.

Мобайл банкны АМАR -аар аюулгүй үйлчлүүлэх нь:

Мобайл банкны үйлчилгээг аюулгүй байлгах үүднээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

  •  Та өөрийн гар утасны дэлгэцийг гадны хүн зөвшөөрөлгүй хандахаас сэргийлж, нууц үгээр түгжиж байх хэрэгтэй.
  •  Өөрийн интернэт банкны нууц үгийг бусдад мэдэгдэхгүй байснаар та өөрийн дансны мэдээлэл алдагдах эрсдэлийг багасгана.
  •  АМАR үйлчилгээг ашиглан гүйлгээ хийсэн, мөнгө хүлээн авсан, нууц үг сольсон зэрэг үйлдлүүдийн мессежийг өөрийн утаснаас уншсан даруйд устгаж байх хэрэгтэй.

Төлбөрийн картын аюулгүй байдлыг хангах нь:

Төлбөрийн картны хэрэглээг аюулгүй байлгах үүднээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

  •  Та төлбөрийн картаа хүлээн авмагцаа арын хэсэгт нь гарын үсгээ зурж байх хэрэгтэй.
  •  Та өөрийн дансны хуулгыг цаасаар авахаас аль болох татгалзаж, онлайн хэлбэрээр шалгаж байх хэрэгтэй.
  •  Сар болгоны тооцооны хуудас болон дансны хуулгаа тулган шалгаж өөрийн хийсэн гүйлгээнүүдийг нягтлах. Ямар нэгэн зөвшөөрөлгүй гүйлгээ илэрвэл тэр даруй мэдэгдэх шаардлагатай. Өөрийн тооцооны хуудсаа тулган шалгасны дараа устгаж байна уу.
  •  Өөрийн бүх картын дансны дугаарууд болон хулгайд алдсан тохиолдолд залгах дугааруудыг тэмдэглэж авах. Эдгээрийг тусад нь аюулгүй газар хадгалах хэрэгтэй.
  •  Картын дугаараа өгөхдөө анхааралтай байх. Тань руу утсаар ярьсан хэнд ч өөрийн дансны мэдээллийг өгч болохгүй.

АТМ-ээр аюулгүй үйлчлүүлэх нь:

АТМ-аар үйлчлүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах үүднээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

  • АТМ-ээр үйлчлүүлэхдээ эргэн тойрондоо зогсож буй хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй.
  • АТМ-ээс бэлэн мөнгө авсан бол аюулгүй байдлаа хангах үүднээс аюулгүй газар очоод мөнгөө тоолох хэрэгтэй.
  • АТМ руу орох болон гарахдаа хаалгыг бүрэн хаасан эсэхийг шалгаж байна уу.
  • АТМ-аар үйлчлүүлэх үедээ бусад этгээдийг орж зогсохыг зөвшөөрөхгүй байх ба өөрийн гүйлгээг хийж байх үедээ танихгүй этгээдийг ATM-ийн бүсэд оруулахгүй байх.
  • Нууц дугаарыг оруулахдаа гараараа болон биеэрээ хааж байх хэрэгтэй.

Өөрийн компьютерийн аюулгүй байдлыг хангах:

Харилцагч та өөрийн компьютерийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Үүнд:

  • Вирусны хамгаалалтын программ хэрэглэснээр таны мэдээллийг хулгайлах боломжтой вирусуудыг илрүүлэн устгах болно.
  • Галт хана ашигласнаар зөвшөөрөлгүй хэрэглэгч таны компьютерт нэвтрэхээс сэргийлэх ба компьютертоо орж гарч буй бүх төрлийн мэдээллийн дамжуулалтыг хянаж чадна.
  • Үйлдлийн систем болон программ хангамжийн шинэчлэлтийг байнга хийж байх нь тустай байдаг.
  • Веб хөтөчийн шинэчлэлтийг байнга хийж аюулгүй байдал нь одоогийн шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

III. Болзошгүй аюулыг хэрхэн таних вэ?

Мөнгө дамжуулагч

Мөнгө дамжуулагч нь хулгайн мөнгө угаадаг гэмт хэрэгтнүүдийн луйварт холбогдсоноо өөрөө мэддэггүй хохирогч юм. Хохирогчид нь ихэвчлэн шинэ ажлын боломж, бага ажлыг өндөр цалингаар хийх амлалтанд хууртсан байдаг. Мөнгө дамжуулалтын нийтлэг аргад:

  • Гадны компаниуд монгол дахь салбартаа мөнгө шилжүүлэх
  • Үл таних хүнээс орж ирэх мөнгөнд зориулж Банкинд шинээр данс нээх
  • Шинэ ажлын холбогдолтой их хэмжээний мөнгийг өөрийн хувийн дансандаа хүлээн авах
  • Үл таних хүмүүсийн мөнгийг өөрийн Банкны дансаар дамжуулан шилжүүлэх

Хорлонт программ

Хорлонт программ нь компьютерийн системд аюул учруулах зорилготой вирус, трожан, тагнуулын программ юм. Хорлонт код нь тухайн компьютерт байгаа хувийн мэдээллийг хулгайлж дамжуулах бөгөөд хулгайлагдсан мэдээллүүд нь луйвар хийхэд ашиглагддаг. Хорлонт кодын эрсдэлийг багасгах хэд хэдэн нийтлэг аргууд байдаг. Үүнд:

  • Хорлонт кодыг тараах нэг боломж нь олон нийтийн сайтуудаар дамжуулах байдаг тул энэ төрлийн веб хуудаснаас файл татаж авахгүй байх.
  • Үл мэдэх эх сурвалжаас цахим шуудангийн хаягаар ирсэн үнэгүй программ хангамжуудыг суулгахгүй байх
  • Үл мэдэгдэх эрх сурвалжаас ирсэн цахим шуудангийн хавсралтуудыг нээхгүй байх хэрэгтэй.
  • Зар сурталчилгааны хуудсуудаар дамжуулан хувийн болон санхүүгийн мэдээллийг асуух нь луйврын шинжтэй байдаг тул тэдгээрт ач холбогдол өгөлгүй шууд хааж байх.
  • Вирусын хамгаалалтын болон интернет хамгаалалтын программ хангамжуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглах.

Хуурамч мобайл банкны программ

Гэмт хэрэгтнүүд нь хуурамч мобайл банкны хэрэглээний программ хөгжүүлэн, дансны мэдээллийг хулгайлахыг оролдож болно. ХасБанкны бус хэрэглээний программуудыг дараах байдлаар танина. Үүнд:

  • Программын зохиогч, хөгжүүлэгч нь тодорхой биш бол
  • Программ нь албан ёсны бус гуравдагч талын сайт дээр тавигдсан бол
  • Программыг татахад төлбөр төлөх бол – ХасБанк нь мобайл хэрэглээний программ татахад хураамж авдаггүй.
  • Өөрийн дансны мэдээллийг хамгаалахын тулд дээрх сануулгуудын аль нэгийг нь агуулсан ХасБанкны мобайл хэрэглээний программ татаж авахгүй болон суулгахгүй байх.

Хуурамч мессеж

Гэмт хэрэг үйлдэгч нь харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг мессежээр явуулахыг хүсэх эсвэл ямар нэгэн холбоос дээр дарна уу гэсэн мессеж явуулдаг. Энэ холбоос дээр дарахад вирус нь тухайн харилцагчийн мобайл төхөөрөмжид дамждаг. Ийм төрлийн луйвраас хэрхэн хамгаалах аргыг доор харуулав. Үүнд:

  • Хувийн болон санхүүгийн мэдээлэл асуусан, лавласан мессежэнд хариу өгөхгүй байх. ХасБанк нь танаас ийм хэлбэрээр мэдээлэл авдаггүй.
  • Мессеж явуулсан дугаарыг хянан батлах. ХасБанкны утасны дугаарыг та гар утсан дээрээ хадгалах эсвэл банкны албан ёсны сайтын холбоо барих хэсэг рүү орж лавлан хараарай.

Алдагдсан болон хулгайлагдсан төхөөрөмж

Мобайл утаснууд болон таблетууд нь бидний өдөр тутмын ажил хэрэгт маш чухал хэрэгцээтэй боловч ийм төрлийн төхөөрөмжийг гээх эсвэл хулгайд алдсан тохиолдолд төхөөрөмжид хадгалагдсан таны мэдээлэл алдагдах боломжтой байдаг. Ийм төрлийн луйвраас хэрхэн хамгаалах вэ?

  • Нууц үгээр өөрийн төхөөрөмжөө хамгаалснаар нэвтрэх боломжийг хязгаарлаж болно.
  • Төхөөрөмжийн дэлгэцийг тодорхой хугацаанд идэвхгүй байсан тохиолдолд автоматаар түгждэг горимд байлгах
  • Төхөөрөмжийн загвар болон дугаарыг нь тэмдэглэж хадгалах хэрэгтэй.

Цахим шуудан

Харилцагч танд ХасБанкнаас илгээсэн мэт цахим шуудан очиж болзошгүй юм. Энэхүү цахим шуудан нь таныг ХасБанкны интернэт банкинд нэвтрэх адилхан харагдах өөр вэб хуудсанд  нэвтрүүлэх холбоосыг агуулж байх боломжтой ба энэхүү холбоос дээр дарахыг танаас хүсдэг. Ийм цахим шуудан нь хуурамч залилангийн арга байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ төрлийн залиланг дараах байдлаар таньж болно. Үүнд:

  • Системийн шинэчлэл хийж байгаа учраас та чухал мэдээллүүдээ онлайнаар дахин батлана уу гэсэн агуулгатай асуулт гарч болно. ХасБанк нь танаас хэзээ ч ийм хэлбэрээр мэдээллээ батална уу гэж асуудаггүй.
  • Та үйлчилгээний чанарын талаарх судалгаанд оролцвол Банкнаас таны данс руу мөнгө шилжүүлэх тул дансны мэдээллээ явуулна уу гэсэн мэдээлэл авч магадгүй юм. ХасБанк нь танаас  хэзээ ч ийм хэлбэрээр судалгаа авдаггүй.
  • Үг үсгийн алдаа болон бусад төрлийн алдаа нь ихэвчлэн цахим шуудан болон веб хуудасны  луйврын нэг илрэл байдаг. Үг үсгийн болон дүрмийн алдаа, өвөрмөц бичиглэл, ядмаг загвараас харилцагч та болгоомжлоорой.

Хэрвээ харилцагч та мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлд орсон гэж үзэж байвал ХасБанкны 1800-1888 дугаар утсанд холбогдон нэн даруй мэдээллэх хэрэгтэй.